22 дек. 2009 г.

Дэлхийн иргэн

Анх удаа ангирын дэгдээхэй шиг эцэг, эхээрээ хөтлүүлж сургуульд орж байхад, танихгүй олон хүүхдээс гэрэвшихдээ харина хэмээн буцаад гүйж байсан маань өчигдөр юм шиг. Наймдугаар ангиа төгсөөд аймгийн төв рүү шилжихэд, олон сумын хүүхдүүд дунд нэрээ хичээж яваарай хэмээн аав, ээж захиж байсан. Удалгүй их сургуульд сурахаар одох үед эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан шилдэг оюутнуудаас дутахгүй суралцахыг багш маань сургамжилж байсан.
Харин хоёр жилийн дараа гэр бүл, төрсөн нутаг, монгол орноосоо олон бээрийн алсад сурахаар боллоо. Галт тэрэгний дохио хангинаж, ээжийн цацлын сүү тэнгэрт цайрах тэр агшинд эргэн тойрны уул ус бүхэн “эх орныхоо сүрийг өндөрт өргөөрэй” хэмээн шивнэх шиг болов.
Сум, аймаг, нийслэл, тив өртөөлсөн эрдмийн буухиаг дагасаар ОХУ-ын Москва хот дахь Ард Түмнүүдийн Найрамдлын Их Сургуулийн босгыг алхав. Сургуульдаа бүртгүүлэхээр очихдоо “Азийн хэсэг” гэсэн хаягийг хараад ямар нэгэн олон улсын байгууллага дээр ирчихсэн юм шиг санагдаж байв. Энэ их сургууль бол дэлхийн зуун дөчин орны оюутнууд суралцдаг нүсэр сургууль. Патриса Лумумбы хэмээх Конго улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтний нэрэмжит болон 1960 онд байгуулагдсан. Олон орноос оюутан хүлээн авдгаар нь дэлхийд ховорт тооцдог. Энх тайван, найрамдалт амьдралын тодорхой нэгэн загвар илэрхийлэл бөгөөд, амьдралын олон талт, сонирхолтой үйл явдлаар дүүрэн байдаг. Бид сургуулиа орос товчилсон нэрээр нь “РУДН” \Российский Университет Дружбы Народов\ гэж нэрлэнэ. РУДН-ы оюутан болсноор уйдах зав надад гарсангүй. Олон арьстан, угсаатан, үндэстний төлөөллүүд нэг ширээний ард сурч, нэг өрөөнд аж төрж байгаа учраас алхам тутамд шинэ содон зүйлстэй тулгарч, тэр чинээгээрээ мэдэх, суралцахын хүслэн оргилно.
Москвад ирсэний дараах хэд хоногийн дүр зураг яг л кинонд гардаг шиг. Гудамжинд гарахад Жордан шиг өндөр хар нөхдүүд урд, хойноос бөөн бөөнөөрөө алхална. Зарим нь гайхмаар тас хар бөгөөд хэнд заяадаг байна гэмээр цав цагаан шүд гарган инээмсэглээд гар барина. Гэтэл бас гарынх алга цагаан байхыг хараад цочих шиг болов. Цаашаа алхахад монгол гэмээр оюутнууд олонтаа тааралдана. “Сайн байцгаана уу ” гэхэд тоосон шинжгүй өнгөрөөд явчихад нь гайхаж хоцордог байлаа. Удалгүй олж мэдсэнээр оросын бага ястнууд гэгдэх Халимаг, Тува гэх мэтийн бидний нэг угсаатнууд олон байдаг аж. Дундад Ази, Ойрхи Дорнод, Араб, Кавказын орнуудын сахал үс сайтай, өтгөн хөмсөгтэй хүмүүсийг анх удаа харав. Тэр тусмаа баавгай шиг биетэй уулын Чеченүүд улам ч сүрдмээр. Латин Америкийн орныхон өнгөт арьстай, монголжуу хийгээд европжуу төрхтэй. Дотуур байрнаас сургууль орох замдаа хүмүүсийн нүүрний арьсны өнгө цагаанаасаа дамжсаар хар болохыг ажив. Нэг удаа байрны гадаа зөрсөн нэг хүн “чи хятад уу” гэж асуухад нь уур хүрч уцаартай “Монголия” гэж хариулав. Хятадууд энд хамгийн их. Тиймээс азийн зарим орныхныг хятадуудтай андуурах нь олонтаа.
Латин Америкийн орныхон бараг тэр чигээрээ испаниар ярина. Харин Бразилчуудын үндсэн хэл португаль хэл . Африкт олон орон франц, португалиар ярилцана. Дундад Ази, арабын орнууд ихэвчлэн перс, араб хэлээр ярина.
Зүүн болон зүүн өмнөд азийн орнуудын хэл олон янз. Нэг хэсэг улс нэг хэлээр ярилцдаг байхад нэг улс нэлээн хэдэн хэлээр ярилцдаг байх нь ч бий. Тухайлбал: энэтхэгчүүд 300 гаруй аялгатай 20 орчим хэлээр ойлголцоно. Харин англи хэлээр дэлхийн хүн амын гуч орчим хувь нь ойлголцоно. Хичээлийн завсарлагаанаар сургуулийн үүдний танхимд таван тивийнхэн хэрхэн ярилцаж, ойн шувууд шиг шулганахыг сонсож болно. Зарим шогч хүмүүс манай сургуулийг “Москва дахь хоёр дахь амьтны хүрээлэн” гэх нь ч бий.
Үндэстэн, угсаатан бүр олон зуун жилийн туршид улбаалсан өөрийн ертөнцийг үзэх үзэл, онц ялгарах зан төлөвийн онцлогтой. Хар арьстнууд найрсаг, хөгжилтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, нээлттэй. Хүсвэл тэд угаалгын өрөө, гал тогоонд ч хамаагүй чангаар дуулна. Тэд бүжиглэх дуртай. Байгалиас заяасан спортын ур дүйтэй, түүндээ бие сэтгэлээ зориулж чаддаг. Өөрсдийнх нь талын хөл бөмбөгийн баг хожсоныг дуулвал хичээлээ хаяад үүдний зурагт руу харайлгах жишээтэй. Мусульманчууд өөрсдийн шашин, уламжлалаа асар их дээдлэнэ. Өдөр болгон мөргөл үйлдэнэ. Дэлхий дээр есөн зуу гаруй сая мусульман амьдардаг. Харин буддистууд 400 орчим сая. Тэдэн дундаас монгол шиг шарын шашинтнууд 30 гаруй сая. Арабууд гараараа хоолоо иднэ. Энэ нь тэдний хувьд ичгүүртэй зүйл огтхон ч биш. Ер нь нэг үндэстний хувьд цээрлэмээр зүйл нөгөө үндэстний хувьд ердийн хэрэг байх тохиолдол олон. Кавказын уулс орчмын Гүрж, Армян, Азарбайджен, Тажикстан зэрэг орныхон ширүүн дориун зантай, сургууль дотор нударга зөрүүлэхээс сийхгүй. Наргиж цэнгэх дуртай. Олонхи эрчүүд нь бие бялдар, царай зүс сайтай. Европын орнуудаас суралцаж байгаа оюутнууд цаг барьдаг, биеэ зөв авч явдаг. Гэхдээ тэд мөнгө, эд материалаар гачигдаж үзээгүй байдаг. Амьдрал угийн ийм юм гэсэн хандлага төлөвшсөн. Харин монгол оюутнууд эсрэг дүр төрхийг бүрдүүлнэ. Өлсөж, гачигдаж чадна. Гэтэл хаанаасаа гаргаад ирэв гэмээр мөнгө цуглуулаад найрлаж гарна. Цаг барьдаггүй, залхуу. Багш нар монголчуудын сэтгэх чадвар, мэдлэгийн цар хүрээг үнэлдэг. Харин манай урд хөршийнхний хувьд орос хэл сурах нь яагаад ч юм хүнд байдаг бололтой. Зарим хятад оюутнууд хэлний бэлтгэлд хоёр жил суралцдаг. Хоосон хононо гэдэг тэдний хувьд том аюул. Бие организм нь өдөр болгон хооллохыг шаардана. Өглөөнөөс орой болтол хичээл орчихвол байдал хэцүүдлээ гэсэн үг. Тэгээд ч хоол бэлдэх хийгээд хооллох гэдэг том соёл нь болдог. Хамгийн хүндтэй зочноо олон арван төрлийн хоолоор дайлна. Өдрийн ихэнх цагт гал тогооны өрөөнд хятад хоолны үнэр ханхална. Хятадууд олон амтыг хольж нэгэн гойд амтыг гарган авч чаддаг нь гайхалтай. Энд хамгийн хариуцлагатай, хичээл зүтгэлтэй нь Солонгос, Япон, Вьетнамаас ирсэн оюутнууд байдаг. Хамгийн ач холбогдол багатай зүйлд ч анхааралтай ханддаг. Аливаа даалгаврыг гүйцэтгэхдээ юуг ч орхигдуулахгүй. Элдэв шагналын ихэнхийг нь тэд авна.
Ийнхүү бид өөр өөрийн өнгө будгаар ялгардаг хэдий ч залуу насны оргилуун хүсэл тэмүүлэл, хүндлэл, гэгээн нөхөрлөлөөр нэгдэж, нэгэн өвөрмөц дулаан уур амьсгал сургуулийн орчинд бүрэлдсэн байдаг. Анги танхимдаа жирийн нэгэн ангиас ялгарахгүй суралцаж, өрөөндөө нэгэн гэр бүлийн адил аж төрнө. Нэг өрөөнд нэг улсын хоёр оюутанг хамтад нь оруулах нь ховор. Тухайлбал би армян, хятад хоёр залуутай амьдардаг. Оюутнууд дотносон эсэх нь хамаагүй таньдаг л бол уулзах болгондоо нэг нэгнээ үнсэх юмуу тэврэн мэндчилнэ. Надад Данеэль гэдэг Шри-Ланка найз бий. Ном унших, баримтат кино үзэх дуртай. Боломжийн орос хэлтэй. Тэр монголын түүх, соёлыг ихэд сонирхдог. Нэгэн буриад хөвгүүний тухай уншсанаа сонирхуулан ярьдаг. Оюутнуудад нэг нэгнээсээ суралцах зүйл маш их. Миний тэмдэглэлийн дэвтэрт янз бүрийн хэлний “сайн уу”, “баяртай” гэх мэт наад захын үгс дүүрэн. Жишээлбэл: “ола” гэвэл испаниар сайн уу, “кома эстас”- сонин юутай, “чао”-баяртай гэсэн үг. “Мархабн” гэвэл арабаар сайн уу, “афуан”- уучлаарай, “шукран”-баярлалаа гэсэн утгатай. Хятадаар “Би чамд хайртай – уо ай ни”, “сайн байна – сэ сэ” гэх мэтчилэн.
Дэлхийн бөмбөрцгийг бүсчлэн хуваасан олон үзэсгэлэн, концерт, уралдаан тэмцээн жил тойрон үргэлжилнэ. Тэр бүгдээс сурвалжилж мэдэх зүйл дундаршгүй бөгөөд улс үндэстэн болгоны өв соёлын давтагдашгүйг харж болно. Хүн аливааг хичнээн олон янзаар, тэгсэн хэрнээ төгс төгөлдрөөр урлан бүтээснийг гайхаад баршгүй. Жил бүрийн нэгдсэн үзэсгэлийн үеэр нүүдэлчид гэрээ барьж, морин хуур, домбороо эгшиглүүлнэ. Энэтхэгчүүд уран налархай хөдөлгөөн бүхий бүжгээ гайхуулж, хятад ятга намуухан уянгалж, африкийн харуудын бөмбөр нижигнэнэ. Латин Америкийнхан жааз хөгжим тоглож, кавказын хоньчин залуу цоороо үлээнэ. Ийнхүү дэлхийн урлаг соёлын багахан чуулган болно.
Энэ их өвөрмөц зохицол дунд явцуурч хийрхсэн эх оронч үзэл гаргах нь бүдүүлэг. Зүгээр л нэрээ хичээж сайн боловсрол эзэмших хэрэгтэй гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ хөгжилтэй гэмээр зүйл хичээлийн явцад хааяа тохиолддог. Энэ нь ялангуяа дэлхийн түүхийн хичээл дээр ажиглагддаг. Тухайлбал: лалын шашны түүхийг болгоомжтой ярихгүй бол мусульман оюутнууд дургүйцэх талтай. Колончлол, боолчлолын үеийн түүхийг харуудад заахаас багш халширдаг болсон гэх мэт. Нэгэн удаа түүхийн хичээл дээр Чингис хааны тухай кино үзэв. Гэтэл хэдэн монгол охидууд уурлаад киноны дундаас гараад явчихав. Учир нь тэр орос найруулагч кино хийхдээ түүхэн үйл явдлын агуулгыг өөрчилж уран сайханжуулаад Тэмүүжинг Тангуудад олон жил гянданд хоригдсоноор дүрсэлжээ. Харин дараагийн хичээл дээр бид илтгэл тавьж, бусад оюутнуудад зарим зүйлийг тайлбарлаж, багш ч гэсэн өөрийн баталгааг нэмэрлэв. Үүнээс хойш монголын эзэнт гүрний үеийн түүхээр сэдэвчилсэн уран сайхны киноны олон хувилбарыг олж үзэв. дээрхийн нэгэн адил москвагийн князь Дмитрий Донскийн тухай гэхэд л дөч гаруй хувилбар байдаг аж. Кино бол найруулагчийн ажил, харин түүхчдийн ажил өөр гэдэг нь харагдаж байна. 13-р зууны дэлхийн түүх бол монголын түүх гэж хүн бүхэн үздэг. Энэ нь бидэнд үлэмж бахархал болдог. Харин 21-р зууны монголчууд бид Чингис хэмээн хэтэрхий цээжээ дэлдсээр олон үнэт зүйлээ “салхинд хийсгэж”, урагшаа биш хойшоо харж амьдардаг болчихож. Бид хоцрогдлынхоо он жилүүдийг улс орнуудын хөгжлийн туршлагаар богино хугацаанд товчилж бусадтай зэрэгцэх ёстой. Үүний тулд монголын иргэн зөвхөн монголын иргэн байгаад зогсохгүй, орчин үеийн соёлжсон, боловсролтой дэлхийн иргэн байх хэрэгтэй.

1 комментарий:

g.davaadorj_86@yahoo.com