24 сент. 2010 г.

Наадмын халуун өдөр

Шимт газар ширмэн таваг болоод
Шижир наран цахилгаан зуух болоод
Агаар тэнгэр шатам халуунд үүрэглэж
Амьтай бүхэн боорцог шиг буцална

Хонь мал сүүдэр бараадан буцална
Хүн зон хөлсөө алгадан буцална
Хорхой шавьж үймэнхэн буцална
Хад чулуу улайсанхан буцална

Наадамчин олон
Налгар дэнждээ холхилдон буцална
Нарийн тоос тэдний хөлөөр босож
Намжаа дэлхий тоосронхон буцална

Хүлэг морьд хүзүү сунган буцална
Хүчтэн эрс мэхээ уралдуулан буцална
Хуушуур хайрсан авгай хайлж буцална
Хөх тэнгэрийн дор бүгдээрээ цэнгэлдэн буцална

Морь унасан багачууд тоосонд дарагдаж буцална
Мотоцикл хөлөглөсөн залуус сүлжилдэн буцална
Үйтэн хуартай хөгшид хөлсөө арчин буцална
Үй олон цөмөөрөө хөлхөлдөн буцална

Залхуу зарим нь унтан буцална
Завхуул нэг нь айл хэсэж буцална
Байгаль халуун дундаа дуниарч
Барометрын заалт 36-г зааж байна

2004 оны зун

23 сент. 2010 г.

Бадгууд

Зулгаагаад зулгаагаад устдаггүй зэрлэг лууль шиг
Зовлон гэж хорвоод байхад
Услаад, услаад ургадаггүй үзэсгэлэнт цэцэг шиг
Жаргал бас хорвоод байдаг
* * *
Архичин лонх тэвэрч
Согтуу төрдөггүй
Алуурчин мэс далайж
Эхээс мэндэлдэггүй
* * *
Ертөнцөд:
Амьдраагүй атлаа
Үхээгүй хүмүүс олон
Амьдрах атлаа
Үхсэн хүмүүс бүр ч олон
* * *
Би:
Тэнүүн орчлонгийн хаа нэгтээ
Тэнгэрээс унасан тал зоос
Амьддаа амжиж бүтэн болох гэж
Алтан дэлхийд өөрийгөө хайж явна.
* * *
Хамгийн сайн нөхрийг олох гэж
Хорвоо дэлхийгээр хэрэн тэнэсний хэрэггүй.
Ганцхан чи өөрөө өөртөө нөхөр гэдгээ
Галав юүлтэл амьдарлаа ч үгүйсгэж даанч чадахгүй.

Цаг хугацаа гоёдоггүй

Цаг хугацаа уруулаа буддаггүй
Цаг хугацаа үсээ засдаггүй
Цаг хугацаа сүрчиг цацдаггүй
Цаг хугацаа гоёдоггүй

Цаг хугацаанд алтан ээмэг хэрэггүй
Цаг хугацаанд дэгжин шаахай хэрэггүй
Цаг хугацаанд ганган машин хэрэггүй
Цаг хугацаа гоёдоггүй

Цаг хугацаа эмээгийн ярьдаг үлгэрт дуртай
Цаг хугацаа эцгийн хэлсэн сургаалд дуртай
Цаг хугацаа ээжийн аялдаг бүүвэйн дуунд дуртай
Цаг хугацаа элдэв гоёлгүй эгэл хүнд дуртай