26 нояб. 2017 г.

Хөгшин банхрын эргэцүүлэл

/Өгүүллэг/
Дулаан цаг холдож, сэрүүн орсон намрын зэврүүн бүрхэг өглөө боллоо. Хашааны буланд цагираглан хэвтсэн хөгшин Банхар сэрж, хүндэрсэн зовхио арайхийн нээв. Босох хүсэл, тэнхэл байсангүй. Урд хоёр хөлөн дээрээ эрүүгээ тавиад, гунигтайгаар алсыг ширтэнэ. Сүүлийн хэдэн өдөр банхар хэвтрийнхээ дэргэдээс холдсонгүй. Хажуугаар ярилцан алхах хүмүүс, улаан тоосоор түүнийг даран өнгөрөх машин тэргийг ч үл анзаарах аж.

Одоогоос арваад жилийн өмнө Банхарыг өсгөж, тэжээсэн айл сумын төвийг орхин хаашаа ч юм нүүж одсон юм. Банхар тэр үед хэн бүхний өхөөрддөг, дөрвөн нүдтэй гөлгөн нохой байлаа. Эздээс нь аваад, хажуу хашааныхан, ер нь Банхарыг харсан хүн болгон түүнийг сайн дураараа хооллож, хүүхдүүд хамт тоглохыг хичээж, толгойг нь илэн мааждаг байв. Банхарт ч энэ нь таатай бөгөөд нохой болгон л ингэж амьдардаг юм шиг бодож байлаа. Түүнийг бараг нүдээ нээгээгүй байхад нь энд авчирсан учраас тэр эхийн хайр энэрэл гэж чухам юу байдгийг мэдэхгүй аж. Түүний оюун санаанд гөлөг байхаас нь ганцхан зүйл бат бэхжсэн юм. Тэр нь тэжээж өсгөсөн эздийнхээ амь нас, хөрөнгө хогшлыг хамгаалж, тэдэндээ үнэнч байх. Тэр ийм л байдлаар хорвоог бүхэлд нь төсөөлж байв.

Гэтэл нэг л өглөө унь, хана шажигнуулсаар эзэд нь том гэгчийн ачааны тэргэнд гэрээ ачаалж эхлэв. Тухайн үедээ Банхар юун учиртайг ойлголгүй, чихээ соотойлгон сониучирхан зогсож байлаа. Гэрийн эзэгтэй авгай тэр өглөө учиргүй их хоол идүүрт нь хийж өгөөд удаан гэгч чихнийх нь угийг маажиж суув. Нэг мэдэхнээ гэрийн буурин дээр юу ч үлдсэнгүй. Чухам тэр үед Банхар учрыг ойлгож, эздийнхээ хормойноос зуун гийнаж эхлэв. Гэвч тэднийг зогсоож чадсангүй. Банхар хар утаа хаялсан машины хойноос даган давхисаар баруун талын даваан дээр гарсан ч цааш явж зүрхэлсэнгүй. Даваанаас цааших танил бус газар түүнд нэг л аймшигтай санагдлаа. Машин холдон холдсоор жижиг хар цэг болон, эцэстээ алсад уусан алга болов. Гагцхүү, өдий болтол тэжээж өсгөсөн эзэд нь яагаад гэнэтхэн хаяад явчихаж байгааг ойлгоход Банхарын ухаан хүрэхгүй байлаа. Тэднийгээ буцаад ирэх болов уу гэж горьдсоор нар жаргатал тэндээ зогсов. Дараа нь найдвар тасарч, эзэнгүй болсон хашааны буланд ирж хэвтлээ. Хашааны банзан завсраар жихүүн салхи улин исгэрэх нь хэн нэгэн зэвүүтэй дооглон хөхөрч байгаа шиг санагдаж, Банхарын доторх гомдол гунигийг улам хүндрүүлж байв.

Өглөө болж, хагас зүүрмэглэсэн Банхар хэн нэгний хөлийн чимээ сонсов. Өглөө болгон тэр гэрийн эзэгтэйн хөлийн чимээ, танил хоолойг сонсож сэрээд, дараа нь идүүр лүү нь юүлэх хоолыг шимтэн харж сүүлээ шарвагнуулан баясдаг байв. Гэвч тэр өглөө огт өөр өглөө байсан юм. Эздээс нь тэс өөр хоолойтой хэн нэгэн түүнийг нэрээр нь дуудав. Тэр хүн хажуу хашааны айлын эзэгтэй байв. Тэрээр идүүртэй хоол Банхарын өмнө тавиад, толгойг нь илэхээр гараа сунгав. Гэвч Банхар хоолонд ч хүрсэнгүй, толгойгоо ч илүүлсэнгүй, хашааны өөр нэгэн буланд очиж хэвтлээ. Бодвол Банхарын эзэд нүүгээд явахдаа түүнийг энэ айлд үлдээсэн бололтой. Банхарыг өөрийн болгох гэсэн хөршүүдийн оролдлого бүтсэнгүй. Өгсөн хоолыг нь ихэд өлссөн үедээ л гэхээс нүдэн дээр нь иднэ гэж бараг үгүй. Түүний дотор орхиод явсан эздээс өөр хүмүүст олгох орон зай алга байв. Хэзээ нэгэн цагт тэд эргээд ирнэ гэсэн найдлага тасрахгүй л байлаа. Түүнийг мэдэх бусад хүмүүс ч янз бүрийн аргаар Банхарыг өөртөө урвуулах гэж үзсэн ч тэдний чармайлт үр дүн авчирсангүй. Удалгүй хүмүүс Банхарт анхаарал хандуулахаа больж, сайн дураараа тэжээх нь ховордов. Хөршүүд ч мөн адил түүнийг ойшоохоо байв. Ийнхүү Банхар жинхэнэ золбин амьдралтай боллоо. Өдөр нь сумын төвийн гудамжнууд, зүүн бэлийн хогийн жалгаар тэнэж үхсэн малын сэг зэмээр голоо зогооно.

Өлсгөлөн гэдэг хэвийн зүйл болж хувирлаа. Түүний амьдралын утга учир байсан эздээ хайрлах сэтгэл, зүтгэл яаж ийгээд амиа зогоох тэмцлээр солигдов. Өмнө нь энэ тухай өчүүхэн ч санаа зовдоггүй байлаа. Эзэддээ үнэнч байсныхаа төлөө Банхар өдөрт хоёр, гурван удаа хооллож, бусад нохосоос түрүүлэн үсээ хаяж, зоолж амждаг байв. Гэвч золбин амьдралтай болсноос хойш зоолох нь байтугай, жингэр булаалдах ч чадалгүй болов. Орой болгон хашааныхаа буланд ирж хэвтэнэ. Хагас жил болсны хойно бас нэг машин ирээд хашааг нь ачаад явчихав. Гэвч Банхар хэвтрээ сольсонгүй. Зуны халуун, өвлийн жаврын алинд нь ч энэ хэвтрээсээ үл холдоно. Хөрш айлынхан түүнийг бараг хүчээр хашаандаа чирч оруулаад дулаан хэвтэр засч өгдөг ч, Банхар шөнө нь гараад явчихдаг байлаа. Банхар тэдний сайн хүмүүс гэдгийг мэддэг байв. Ер нь түүний хувьд муу хүн гэдэг ойлголт байсангүй. Түүнтэй таарсан бүх хүмүүс сайхан сэтгэлтэй. Хүний хийж бүтээсэн бүх зүйл ер бусын. Нохойнд барьдаг үүрнээс авахуулаад тэдний амьдардаг байшин барилга, унадаг машин тэрэг гээд л. Хүн өөрийн биеийн хэмжээгээр тийм том биш атлаа ертөнцийн бараг бүх юмс, үзэгдлийг эрхшээлдээ оруулсан нь гайхалтай. Ялангуяа хүний нэгэн онцгой чадвар Банхарыг гайхшруулна.

Банхар нохойн төрлийг олж, төрөлх эздийнхээ хажууд ганц жил амьдрахдаа хүн сэтгэл хангалуун, баярлаж хөөрсөн үедээ нүүрээ хачин жигтэй хувиргадгийг олж мэджээ. Банхарыг олж харсан сумын ихэнх оршин суугчдын, тэр дундаа хүүхдүүдийн нүүр ердийн байдгаасаа өөр болж янз бүрээр хувирна. Нүүрээ хувиргахдаа хөгжилтэй гэгчийн дуу авиа гаргана. Энэ нь орхиод явсан эздийн царайг санагдуулж, Банхарт баяр баяслыг авчрахын зэрэгцээ зовлон гунигийг нь хэсэг хугацаанд ч болов хөнгөлдөг байв. Тэрээр хүмүүстэй тааралдсан үедээ тэдний нүүр лүү чимээгүй ширтэн, тэдний нүүрний хувиралтыг ажин зогсдог байлаа. Гэвч хүн төрөлтний энэ чадварыг чухам юу гэж нэрлэхээ Банхар мэдэхгүй байв. Тэр энэ чадварыг эзэмшихийг хүсч байв. Нэг удаа дээрх байдлаар нүүрээ хувиргасан хүний өөдөөс архираад үзтэл нөгөөх нь хариу барих битгий хэл, эсрэгээр айсан царай гарган алгуурхан холдож явав. Ийнхүү хүний нүүрний тааламжтай хувирал архиралтаас шал өөр зүйл юм гэдгийг олж мэдэв. Эцэстээ хүний энэ чадвар нь нохойг өөртөө татаж, үнэнч байлгах онцгой хүч юм байна гэж боддог боллоо. Тиймээс хүмүүсийн дунд амьдрахад тааламжтай, аюул багатай гэдгийг Банхар нүдээ нээж, хорвоотой танилцсан цагаасаа мэдэрч эхэлсэн юм. Инээмсэглэл гэдэг ганцхан хүнд заяасан байгалийн энэ бэлэг зөвхөн хүнд төдийгүй, амьтдад ч гэсэн аз жаргалыг түгээдэг байна. Гэвч Банхар амьтан болохын хувьд үүнийг ойлгохоосоо илүүтэй мэдэрч амьдардаг байлаа.

Цаг хугацаа урссаар, модны навчис хэдэнтээ ургаж, хэдэнтээ унав. Банхарын хэвтэш том нүх болон хувирчээ. Банхар өөрийн амьдралын тэнүүлч хэв маягт хэдийнэ дасч, орхиод явсан эздийн дүр түүний бодол санаанаас аажмаар холдон бүдгэрсээр байлаа. Сумын төвийн нүүр царай ч нэлээн өөрчлөгджээ. Байшин барилга, машин тэрэг олширч, мал, амьтдын сэг зэм элбэг байдаг байсан зүүн бэлийн хогийн жалга төмрийн хаягдлаар дүүрчээ. Нэг удаа хоол эрж тэнд очихдоо Банхар зэвтэй хадаасанд тавхайгаа цоолж, нүхэндээ хэдэн өдрийн турш шархаа долоон хэвтэхэд хүрч байв. Өлсгөлөн, өвдөлт хоёр зэрэгцэхээрээ туйлын тарчилгаатай. Гэвч сүүлийн үед Банхарыг үүнээс ч илүүтэй дотроос нь химлэж, тарчлаах болсон нэг мэдрэмж бол түүний өдий болтол хайрлаж, шүтэж байсан хүний зан авир өөрчлөгдсөн явдал юм. Хүмүүс яагаад ч юм инээмсэглэхээ больж, байнгын хөмсгөө зангидаж явдаг боллоо. Өндөр байшинд амьдарч, тээр жил гэрийг нь ачаад явсан том хар машинаас ч илүү сонин чамин машин унадаг мөртлөө чухам яагаад тэд ийнхүү уур уцаартай болчихсоныг Банхар ойлгохгүй байв. Банхар гөлөг байх цагаасаа сумын төв дээр төрөл бүрийн үйлдвэрийн газрууд ажилладаг байсныг мэднэ. Нар гудайхын хэрд, тэр хашааныхаа буланд оцойн суугаад ажилчид бөөн бөөнөөрөө инээлдэж, хөхрөлдөн ажлаасаа гарч явахыг сонирхон хардаг байв. Тэр үед хүмүүс хамтдаа явах их дуртай байсан юм шиг. Бөөнөөрөө л байвал тэдэнд жаргалтай. Хааяа Банхарын гэрийн ойролцоох нэгэн байшинд хүмүүс бүр олноороо цугларч, шөнөжин хөгжим дуугаргадаг байв.

Бодвол хүмүүст энэ нь маш зугаатай байдаг байсан бололтой. Харин одоо үйлдвэрийн барилгууд, хөгжимт байшингаас зөвхөн суурь нь л үлджээ. Залуу Банхарын цаг үе л ийм гэгээлэг байж. Харин тэнэмэл, хөгшин Банхарын цагт бүх юм өөрчлөгджээ. Хүмүүс урьдынхаасаа элбэг, дэлбэг амьдрах болсныг Банхар сайн мэдэж байлаа. Гэвч баяжихийн хэрээр тэд харамлаж, бөөнөөрөө явахаа больж, урьдынхаасаа ганцаардмал болов. Үүнийг Банхар тэдний баргар царай, түүнд хаяж өгдөг хоосон ясны тооноос гадарлаж байлаа. Өмнө нь түүнтэй тоглож, түүнийг эрхлүүлдэг байсан жаалууд том болжээ. Харин тэдний хүүхдүүд Банхартай тоглох бус түүн рүү мод, чулуу шидэн, түүний сүүлээ хавчин гийнасаар холдоход нь дооглон хөхрөлдөнө. Сумын төвийн машин тэрэг хэтэрхий олширч, өдөр хажуугаар өнгөрөхдөө тоосоор булж, шөнө элдвийн дуу авиа гарган, хурц гэрэл гялалзуулж, хоосон ходоодтой Банхар нүхэндээ тайван хэвтэж чадахаа байв. Банхар өдий болтол дулаан уур амьсгал, сайхан сэтгэл цацарсан хүмүүний царайг харан, зөөлөн дуу хоолойг нь сонсон, түүнийгээ амьдралыг тэтгэгч хүч болгосоор ирсэн юм. Хэдийгээр эздийнхээ халамж хайраас хагацсан ч энэхүү суурин газрын оршин суугчдаас тэрхүү алдагдсан мэдрэмжийг багахан ч болтугай авч чаддаг байв. Гэтэл эдүгээ хүмүүс Банхараас байтугай нэг нэгнээсээ өөрийн нүүр царай, инээмсэглэл, сайхан сэтгэлээ далдлахыг хичээдэг болов. Ямар учиртайг Банхар яахин ойлгох билээ. Тэр хүн шиг эргэцүүлж ямар нэгэн нарийн дүгнэлт хийх бус зөвхөн мэдрэх чадвартай. Хүмүүс нүдээ хар шилээр таглан дээгүүр харан алхална. Ялангуяа зуны улиралд хэн нь хэн бэ гэдгийг ялгахын аргагүй. Унадаг машиныхаа цонхонд хүртэл бараан өнгийн эд нааж нүүр царайгаа далдлах аж. Яг л эргэн тойрны бүх юмс, үзэгдэл, амьд бүхэн нэг нэгнээсээ нүүрээ халхлан буруулж, үргэлж дайсагнаж байгаа юм шиг! Банхарт баяр баясал авчирдаг байсан нүүрний хувиралтаасаа хүмүүс гэнэт ичдэг болсон юм болов уу? Хөрш айлын амьдрал ч бас өөрчлөгдөв. Гэрээ буулгаж, хоёр давхар цагаан байшинд нүүж оров. Өндөр бор жаал өндөр бор залуу болоод гэртээ жилд ганц хоёр удаа л үзэгдэнэ. Тэд хашаанаасаа явганаар гарахаа больсноос хойш Банхар тэдний царайг мартав. Гэрийн эзэн заримдаа шөнө дөлөөр орилж хашгиран, эмэгтэй хүн, хүүхэд уйлах нь сонсдоно. Нэгэнтээ нүд нь хөхөрч хавдсан гэрийн эзэгтэй хүүхдээ тэврэн хашаанаасаа гарч явахыг Банхар харжээ. Банхарын хамгийн тэвчиж чаддаггүй юм гэвэл үе үе энэ айлд ирэх хүмүүсийн амнаас үнэртдэг архины эхүүн үнэр юм. Тэдний дөхөн ирэхэд орох байх газраа олж чадан, нүхээ орхин өөр нэг тийшээ явахад хүрнэ. Ер нь Банхарын доторх хүчирхэг хэрнээ, сайхан сэтгэлт хүний дүр аажмаар бүдгэрч эхэллээ.

Түүний хүнд итгэх итгэлийг бүрмөсөн булшилсан нэгэн аймшигт явдал өнгөрсөн жил хогийн жалгын орчимд тохиолджээ. Банхартай адил хувь заяатай ноход сүүлийн жилүүдэд олон болсон юм. Хогийн жалганы сэг зэмний олдоц хомсдсон нь ч үүнтэй холбоотой. Хаягдсан, гээгдсэн, энд тэндээс “нутаг сэлгэж” ирсэн олон залуу золбин нохой Банхар мэтийн хөгшин нохдыг урж, хажиглах нь энүүхэнд. Сумын төвийн золбин нохдууд хогийн жалга орчмоор эргэлдсэн нэг өдөр дээрх аймшигт явдал болжээ. Хаанаас ч юм бүү мэд, төмөр шийдэм барьсан хүмүүс гарч ирэв. Тэдний царайнаас ямар нэгэн муу юм болох нь гэдгийг Банхар зөн совингоороо мэдэрч, нэгэн хонхорт нуугдан хэвтээд ажиглаж эхлэв. Эхэндээ тэр хүмүүс төмөр шийдмээр яг юу хийх гэж байгааг Банхар ойлгосонгүй. Нохойг гүйцэж цохиход тэдний хөлийн чадал, хурд хүрэхгүй. Гэнэт төмөр шийдмээс тэнгэр ниргэх адил дуу гарч, энд тэндгүй золбин нохдын гаслах дуун гарч эхэллээ. Дараа нь цусны үнэр хогын жалгаар тархлаа. Банхар үхэл гэж юу байдгийг анх удаа өөрийн нүдээр харав. Галт шийдэм барьсан хүмүүс түүнийг олж харах л юм бол бусдынхтай адил үхэл хүлээж байгаа гэдгийг мэдэх учраас тэднийг яван явтал нуугдсан хонхортоо хөдлөлгүй хэвтсээр байв. Тэнд хоол эрж явсан золбин нохдын олонхи нь үхлээс зайлж чадсангүй. Хүмүүс алсан нохдынхоо сүүлийг нь тасдан шуудайлав. Харин их биесийг нь нэгэн газар овоолоод шатааж орхилоо. Энэ аймшигт явдал бараг долоо хоног үргэлжилсэн юм. Нохдыг зөвхөн хогын жалганд ч бус, сумын төвийн гудамж болгоныг нэгжин байж устгав. Харин азаар Банхарын нүхийг олж ирсэнгүй. Тэр явдлаас хойш айдас Банхарыг өдөр шөнөгүй мөшгөх болж, тэр хүний нүүр лүү харж чадахаа больсон юм.

Сумын төвд Банхараас өөр золбин нохой үзэгдэхээ болив. Хогийн жалга эзгүйрэв. Айснаасаа болоод Банхар удаан хугацаанд тийшээ зүглэсэнгүй. Гэвч өнгөрсөн зуны нэг өглөө зүүн зүгийн салхиар ирсэн шинэхэн сэгний үнэр аваад, өлссөндөө хогийн жалганд очлоо. Тэр өдөр Банхар хогийн жалганд түүнийг туйлын гайхшруулсан нэг зүйлийг олж мэдэв. Хэдэн арван жилээр хуримтлагдсан энэ их хогон дунд хүний хааяа барьж суудаг майхан шиг хэдэн зүйл торойх аж. Банхарын сониуч зан нь хөдөлж, харагдах зайнаас ажиглаж эхлэв. Удалгүй майхан шиг сууцан дотроос хүмүүс гарч ирэв. Тэдний үс нь учиргүй сэгсийж, хувцас нь Банхарын олон жил гуужаагүй үс ноосноос ялгарахааргүй болжээ. Тэд хогын жалганаас холдож явахгүйгээр барахгүй, тэндээ амьдрах аж. Холдож явлаа ч оройдоо эргээд ирцгээнэ. Тэд яг л золбин нохдын адил хогийн жалгаар өдөржин тэнүүчилж, олсон юмаа шуудайлах аж. Хаанаас, яагаад ийм хүмүүс гараад ирсний учрыг олоход Банхарын ухаан даанч хүрсэнгүй. Дөрвөн хөлөөрөө явдаггүй ч гэсэн, нохой шиг амьдардаг хүмүүс бас байдаг юм байна гэдгийг л мэдэж авсан юм.

Хүний дотор хийгээд хорвоо ертөнц Банхарын хувьд аюул заналаар дүүрэн болж, юунд ч найдахаа болив. Айдас, цөхрөл түүний хүч чадлыг бүрмөсөн мохоож, хараа нь муудан эргэн тойрон дан бараан өнгөөр харагдах болов. Тэр үүрнээсээ өндийх нь ховордов. Өлсөж байгаа эсэхээ ч муухан мэдэрч байлаа. Бодол санаанд нь зөвхөн тээр нэг өглөө орхиод нүүсэн эздийнх нь дүр төрх жаргаж буй зулын гэрэл адил бүдэг бадаг сүүмэлзэн торолзох аж.

… Тэр орой анхны цас орлоо. Шөнөдөө салхи ширүүсч, бүрхэг тэнгэрээс будран хаялах цасан ширхэгүүд хүчтэй шуурга болон хувирав. Өглөө болоход салхи намжиж, цас орохоо болив. Сумын төвийн айлууд босонгуутаа тэр дор нь хашаан доторхи цасаа цэвэрлэв. Харин Банхарын нүхэн хэвтэрийг таглан хунгарласан цасыг тэр өдөр нь ч, маргааш нь ч, түүний дараа өдөр ч хэн ч хөндсөнгүй. 

Г.Даваадорж. 2011 он. Москва хот.