24 мар. 2010 г.

Манай үеийн баатар

\ эргэцүүлэл\
“Баатар” гэх ойлголтыг хүн төрөлхтөн нийгмийн хөгжлийн явцад янз бүрийн үзэл, утга агуулгаар баяжуулсаар иржээ.
Эртний Грекийн домгуудад баатар нь бурхны хүү, эсвэл бурхны хутгийг олсон хүн байдаг. Эдгээр баатар нь аймшигт мангасуудыг дарахын зэрэгцээ өөр хоорондоо тэмцэлдэнэ. Удалгүй гойд цэцэн ухаантан, хөгжмийн гоц авьяастан, эсвэл Одессейн адил суу зальтай хүмүүсийг баатар гэлцэх болов.

Шинжлэх ухааны агуу нээлтүүд, соён гэгээрүүлэлтийн эрин болоход хүн өөрийгөө бурхнаас дутуугүй хүчтэйг ухамсарлаж эхэллээ. Хүн төрөлхтөн баатруудыг бурхантай холбож авч үзэхээ болив. Үлгэр домгийн дүрүүдээс гадна бодит хувь хүнийг ч гэсэн баатарт тооцох болов. Энэ төрлийн баатрууд өөрсдийн үйл хэрэг, нийгэмд гүйцэтгэсэн гол үүргээрээ аливаа соёлын үнэт зүйлсийг билэгддэг. Хожим нь эрин үеийнхээ онцлогийг өөртөө шингээсэн, Лермонтовын « Печорин» хэв маягийн баатрууд төрөн гарав.
Социализмын үед бүр ч олон «баатар» төрөв. Тухайлбал: Улсын баатар, социалист хөдөлмөрийн баатар, баатар хот гэх мэтчилэн. Энэчлэн, хүн төрөлхтний түүхийн эрин үеүүд өөрсдийн гэсэн баатрын хэв маягийг бий болгож байв.
Харин энэ эрин үеийг хэрхэн үнэлж, хэнийг баатар гэж үзвэл зохилтой вэ?
Хүн болгон баян амьдрах эрхтэйг бид алхам тутамдаа тунхагладаг. Би ч санал нэг байна. Баян болохын тулд бид хөлсөө урсган хөдөлмөрлөж байж тодорхой хэмжээний хөрөнгө эзэмшдэг. Мөн тэр хэрээрээ үрэн таран хийнэ. Гэхдээ амьдралын гол зорилго бол хауст тухалж, үнэтэй машин хөлөглөхийн нэр хараахан биш. Өнөө цагт хүмүүс эцэс төгсгөлгүй шуналын эргүүлэгт автсанаар аливааг зоосны нүхээр хардаг болжээ. Капитализм хэмээн нэрлэгдэх мөнгө хүүлэх аварга машин ажиллаж байгааг бид анзаардаггүй. Капитализмын ачаар асар их мөнгөтэй цөөхөн хүмүүсийн хэтэвч зузаарна. Эцсийн эцэст, бид шууд бус замаар эдгээр хүмүүст боолчлогдож байна гэсэн үг юм.
Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Би ч ялгаагүй. Ийнхүү бүгдээрээ урт удаан аз жаргалтай амьдралын эрэлд хатна. Аз жаргал бэлэглэчихээр хэн нэгний анхаарлыг татахын тулд сайхан харагдахыг элдвээр хичээцгээнэ. Цэнгээний газар, танилцах үдэшлэгээр хэсүүчилнэ. Заримдаа, арга ядахдаа, баян, халамжтай, архи тамхи хэрэглэдэггүй хүн хэрэгтэй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Гэлээ ч ихэнх тохиолдолд энэ мэтийн оролдогууд урам хугаралтаар төгсөнө. Хэдий олон хүний дунд байгаа ч ганцаардал сэтгэл зүрхийг улам ихээр эзэмдэнэ. Хэргийн учир ингэхэд юунд байна вэ? Хэргийн учир нь хүмүүс аз жаргалыг хаа нэгтээ гээгдсэн эрдэнэсийн адилаар хайж олохыг тэмүүлдэгт байгаа юм. Үнэндээ аз жаргал хаана ч эзнээ хүлээгээд байж байдаггүй. Хэн нэгэнд чин сэтгэлээ зориулах тэр л үед аз жаргал зүрхнээс өөрөө урсан гарч ирдэг. Заримдаа аз жаргалын эрэлчдэд дараах асуултыг тавимаар санагддаг юм.
“-Хөөе! Байзаарай! Яагаад та нар бусдад зүрх сэтгэлээ зориулаагүй байж, хүнд хайрлуулахыг хүсдэг юм бэ?” гэж! Ийм учраас өгөхийг биш зөвхөн авахыг хүсдэг хүмүүс нийгэмд дүүрэн байдаг байна.
Ийм цаг үед, хэнээс ч ямар ч шан харамж хүлээлгүйгээр бусдын төлөө амьдарч чаддаг хүнийг би “баатар” гэж өргөмжлөе. Аз болоход тийм баатар дэргэд минь байдаг. Түүний нэр ............. бөгөөд миний амьдралд учирч байсан гайхалтай хүмүүсийн нэг. Дөч гаруй насыг наслахдаа хуримталсан туршлага, дэлхийн 30 гаруй оронд үзэж харсан бүхэн хийгээд эрдэмтэн судлаачийн гүнзгий мэдлэг зэрэг нь миний хувьд үнэлж баршгүй олз билээ. Энэ хүнийг сонсоод суухад, манай нэгэн найрагчийн захисанчлан “Хүмүүсээ! Амьддаа бие биеэ хайрлая” хэмээн хэлж байх шиг санагдана.

Комментариев нет:

Отправить комментарий

g.davaadorj_86@yahoo.com